Версия для печати
Вторник, 09 Март 2021 15:47

Биднийг ашиглах харгис зохиолчид Избранное

Автор

Миний "Хөрөг" өгүүллэг Азербайжан хэлээр орчуулагдаж тэндхийн утга зохиол шүүмжлэгч Мехман Гараханоглю " Биднийг ашиглах харгис зохиолчид" шүүмж бичжээ. Энэ шүүмжийг Алтанцэцэгийн орчуулгаар "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн байна. Kulis.az цахим хуудас утга зохиол шүүмжлэгч Мехман Гараханоглюгийн “Хөрөг” өгүүллэгийн талаар бичсэн шүүмжийг нийтэлжээ. Гадаад хэлнээс азербайжан хэл рүү орчуулсан уран зохиолын бүтээлүүд эхлээд ямар орны, хэн гэдэг зохиолчийнх вэ гэдэг тухай “ерөнхий” мэдээлэл өгөхөөс гадна орчуулагчийнх нь утга зохиолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, уран сайхны мэдрэмжийг давхар харуулдаг. Элвин Аббасбейлигийн монгол хэлнээс орчуулсан хоёр дахь богино өгүүллэг уран зохиолын талаас бидэнд хангалттай шинэ зүйлийг ойлгууллаа. (Хэдэн сарын өмнө монголын авьяаслаг зохиолч Д.Энхболдбаатарын “Арванхоёрдугаар сарын бүсгүй” богино өгүүллэгийг азербайжан хэлэнд орчуулсан байсныг та бүхэн санаж байгаа байх).

 

Энэ орчуулга Азербайжаны утга зохиолын ертөнцөд нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Элвин Аббасбейлигийн хоёр орчуулга "Өгүүллэгийн өдөр"-өөр Kulis.az цахим хуудсанд нийтлэгджээ. Элвин бол Монголын зохиолчдын бүтээлээс азербайжан хэлэнд шууд орчуулж байгаа анхны орчуулагч юм. Үүнээс гадна Элвин Аббасбейли Франц, Азербайжан хоёр улсын орчин үеийн утга зохиолын харилцаанд хувь нэмрээ оруулж байгаа хүн юм. Эрч хүч, тэвчээртэй залуу орчуулагч маань шаргуу хөдөлмөрлөж байна. Олон нийтийн сүлжээнд Элвиний харуулж байгаа Монголын хязгааргүй тал нутаг, монголчуудын өдөр тутмын амьдралын тухай гэрэл зургууд нь түүнийг азербайжан хүнийхээ хувьд тал нутгийн гүн ухаантай салшгүй холбоотойг илтгэнэ. Тэр “гадаад төрх”-өөрөө төдийгүй оюун санаагаараа алс холын газар нутгаас гаралтай гэдгээ нотлох шиг ээ. Гэхдээ энэ бол зөвхөн надад төрсөн эхний сэтгэгдэл юм шүү. Андуурсан ч байж магадгүй. Гэхдээ эндүүрээгүй байгаасай гэсэндээ “Зогсохгүй шүү, орчуулаад байгаарай Элвин!” гэж түүнд хэлье. Зохиолч М.Эрдэнэбатын “Хөрөг” богино өгүүллэлийн энгийн мөртлөө “нууцлаг” сэдэв, авсаархан бүтэц зохион байгуулалт анхаарлыг минь татлаа. Наян насны босго дөхсөн Ламзав өвгөн зээ нараа болон хүргэн хүү Насанбатыгаа “ярдаг зангаараа” залхааж, аргыг нь бардаг. Өвгөний зурагт тайван үзүүлэхгүй, сувгийг нь дураараа солиод байдгийг хүргэн хүү нь айхтар том асуудал болгон дэвэргэж, эхнэртээ ховлон, гомдоллодог. Мэдээж охин нь хөгшин эцгийгээ өмөөрнө.

 

Эхнэр нөхрийн хооронд ийм маргаан болсон яг тэр өдөр өвгөн Ламзав өнөөх л хэрүүлээ дахин дэгдээж, зээ нартайгаа “ширүүн” маргалдсаны эцэст эз дийлж, удирдлагыг аван сурсан зангаараа сувгийг нааш цааш солино. Тэгж байгаад “сайхан мэдээ” олж үздэг. Ламзавыг залуу сайхан явахад хөрөг зургийг нь бүтээсэн уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргах гэж байдаг. Зөн совингоороо хөрөг зургаа тэнд тавигдана гэж мэдэрсэн өвгөн баярласандаа сандал дээрээсээ огло харайн босч ирээд охин, хүргэн хоёртоо маргааш үзэсгэлэн руу хамт явъя гэдэг. Түүний энэ гуйлтыг хамгийн түрүүнд охин нь завгүй гэсэн шалтгаар үл хайхарна. Хөгшин ба залуу үеийнхний хоорондын ёс суртахуун хийгээд сэтгэл зүйн мөнхийн ялгаа, төрүүлж өсгөсөн үр хүүхэд нь өтгөс буурлаа хүндлэн дээдлэх ёс аажмаар устаж байгаа, энэ асуудлын гол учир хүүхдүүдэд нь байгааг зохиолч далд дүрслэлээр чамбай харуулжээ. Ламзав өвгөний “сэргээд ирж байгаа” хэн ч харахыг хүссэнгүй. Хөгшин хүн бол хөгшин л байх ёстой гэсэн бодлыг ерөөсөө өөрчилж болохгүй гэх мэт. Уншигчид ч ийм байх ёстой мэтээр бодож, ухамсартаа гүн суулгажээ. Энэ байдлыг гэр бүлийн хүрээний жирийн нэг үзэгдэл мэт харуулсан нь зохиолчийн ур чадвар юм. Агуу зохиолч Мирза Джалил, Абдуррахим бей Хагвердиев нар өөрийн эрхгүй бодогдлоо. Гэхдээ бид нар хүний ой санамж, цагийн зүүний эсрэг байдаг гэдэгтэй санал нийлэхгүй ээ. Монгол хэлнээс азербайжан хэл рүү шууд орчуулсан эдгээр орчуулга бидэнд өөрсдийгөө гадны нүдээр харах боломж олголоо. Д.Энхболдбаатарын “Арван хоёр дугаар сарын бүсгүй”, М.Эрдэнэбатын “Хөрөг” өгүүлэлээс манай орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиол ямар байгааг харж болох юм. Ламзав өвгөний “Та нар ч ер нь хөгшин хүнийг үхсэн хүн шиг л бодох юм даа. Ганцаараа л явахаас” гэж бухидсаныг ойлгоход амархан. “Ганцаараа л явахаас” гэсэн өгүүлбэр өгүүлэлийн нэг үзэгдэл нөгөө рүүгээ шилжих шилжилтийг киноны кадр гэнэт солигдохтой адилхан болгожээ. Харин “Үзэсгэлэнгийн танхим цаанаа л нэг аядуухан агаад нам гүм” гэдэг өгүүлбэр ийм шилжилтийг улам бүр айжуу тайван болгож байна. Тэгвэл “Арван хоёрдугаар сарын бүсгүй” өгүүлэлд гардаг санаанд оромгүй үйл явдал, бодит, хийсвэр ертөнцийн нэгдэл, зохиолын эмгэнэлтэй үйл явдал өгүүлэл доторх нэг үзэгдлийн нөгөөд шилжих шилжилтийг “мартагнуулдаг”.

Эцэст нь Ламзав өвгөн үзэсгэлэнгийн танхимд өөрийнхөө хөрөг зургийг олж очдог ч доод талд нь нэр нь байхгүйд санаа нь их зовдог. Зурган дээр байгаа дэгжин, царайлаг, эрч хүчтэй залууг өөрийг нь гэдгийг одоо яаж нотлох вэ? Ламзав, зураачийг нэрийг нь бичихээ мартаж дээ гэж бодсон. Тиймээс “Өвгөн тэртээ буланд зогсч буй охиныдэргэд очиж, “Хүүхээ, энэ зураач хаана байгаа бол?” гэж асууж байна. Залуу охин зураачийг эрүүл мэндийн шалтгаанаас болоод ирээгүйг хэлдэг. Ламзав хөрөг зургийн доод талд нэрийг нь бичээгүйд ихэд уурласан хэдий ч “Бие нь муу байгаа гэнэ, аргагүй дээ одоо бас л нас нь ахиа биз” гэж хэлээд амьдралын булташгүй үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бас бууж өгөхийг хүсдэггүй. Залуу хүмүүс үүнийг нь яаж хүлээн зөвшөөрөх вэ дээ. Харин найзууд нь юу гэдэг бол? Ядаж тэдэндээ зургаа үзүүлж болохгүй гэж үү? гэж боддог. Өгүүлэлийн бичвэрийн нэгэн хэвийн байдал “гэнэт” өөрчлөгдөж, гүн ухааны өргөн утгатай болж байна. Гэр бүлийн орчноос үүдэлтэй Ламзавын тавгүй байдал урлагийн өмнө, өөрөөр хэлбэл, хөрөг зургийнх нь өмнө ирээд гацаж байна. Бид ч гэсэн хуулбарлан дууриахаасаа илүүтэй нарийн чимхлүүр хэсэг бүрийг багтаасан олон зангилаат зохиолыг аль болох цөөн үгээр бичихыг хүсдэг шүү дээ. Ламзав хажуугийнхаа орон сууцанд найз Жавыгаа амьдардгийг санаад очтол аль хэдийн нас барсан байдаг.

Борхүүхэн гэж өөр нэг найз авгайг хүнд өвчтэй байгаа, хүн танихаа больсныг нь үр хүүхүүдээс нь олж мэднэ. Зохиолч М.Эрдэнэбат өгүүлэлийнхээ бүтэц, өрнөлөөс хамаарч, юу гэж тунгаан “шүүж” байгаагаа “Одтой тэнгэрээс од шүүрч мэдэхээр омголон залуу Ламзавын тэртээ дөчөөд жилийн өмнө зуруулсан зургийг таних хүн бараг үгүй болжээ” гэж илэрхийлжээ. Ламзав хөгшин хөрөг зургийнхаа өмнө ялагдсанаа хүлээн зөвшөөрнө. Хөрөг зурган дээр байгаа хүн Ламзав биш ажээ... Уг нь өөрийг л зурсан юм даа. Урлаг бол олон улсынх, тиймээс тэндээс нэрээ хайх шаардлагагүй, өөрчлөгдөшгүй хөрөг зурагнаас залуу насаа хайх нь утгагүй зүйл юм гэдгийг зохиолч хэлэхийг хүсчээ. Цаг хугацаа харгис юм. Зураач, залуу эрийг ашиглаж бүтээлээ хийж, зорилгодоо хүрчихсэн тул түүний хэрэг одоо байхгүй, нэр нь ч хэрэггүй. Амьдрал дээр ч гэсэн ийм л байдаг даа. Үнэн хэрэгтээ, үзэсгэлэнд өлгөөтэй Ламзавын залуугийн хөрөг зураг түүний одоогийнх нь хөрөг зургийн дутууг гүйцээх юм уу эсвэл хаашаа ч бултсан гунигт хөгшин төрхөөсөө салахын аргагүйг илтгэх шиг ээ. Өвгөн Ламзав залуу насаа гэрчлэх гэрч хайхаар явж байгаа нь гунигтай. Тун чиг гунигтай хэсэг. Гэвч санаснаар нь болдоггүй. Гэрч болчихоор байсан хүмүүс нь бурхны оронд одсон юм уу аль эсвэл маш хүндээр өвдчихсөн байдаг. Тэр ч бүү хэл амьд байгаа хүмүүс, төрсөн охин, хүргэн, зээ нар нь хүртэл түүнийг идэр залуу явахдаа ямар сайхан эр байсныг баталж өгөхийг хүссэнгүй! Өгүүлэлийн “Зарим үед ухаан санаа нь цэлсхийн цэлмэхэд тэрээр насан туршдаа юунд тийм сэтгэл хангалуун амьдарснаа ердөө ч ойлгосонгүй” гэсэн төгсгөл далд утгатай. Учир юу хэмээвээс Ламзав өвгөн ухаан нь орж, гарах хооронд “бодит” дүрээсээ нэг мөсөн холдож байна. Одоо түүнд хөрөг зурагны хэрэг байхгүй. Зурагтын удирдлага булаацалдах ч шаардлага нэгэнт үгүй болжээ…

Орчуулсан Т.Алтанцэцэг

Source:“Өнөөдөр”

 

Прочитано 278 раз